Home News & Event Latest News Зааварчилгааны дизайны онолд үндэслэн сургалтын үр ашигтай электрон материал бүтээх нь
<<  Apr 1989  >>
 Mo  Tu  We  Th  Fr  Sa  Su 
       1  2
  3  4  5  6  7  8  9
10111213141516
17181920212223
24252627282930
Зааварчилгааны дизайны онолд үндэслэн сургалтын үр ашигтай электрон материал бүтээх нь
Monday, 21 December 2009 17:44

Д.Цэдэвсүрэн

МУБИС-ийн КМТС-ийн Програмчлал дидактикийн тэнхмийн эрхлэгч

tsedevsuren@msue.edu.mn

Абстракт

Манай улсын МХТ-ийн техник хэрэгслийн хүрэлцээ хангамж сүүлийн жилүүдэд эрс сайжирсан нь бидний явуулсан судалгааны ажлын үр дүнгээс харагдаж байгаа юм [8]. Энэ нь сургалтын үйл ажиллагаанд МХТ-ийг ашиглах нөхцөлийг бүрдүүллээ. Сургалтын үйл ажиллагааг МХТ ашиглан төгөлдөршүүлэх асуудал бүх шатны сургуулийн багш нарт ихээхэн чухал байна. Үүнтэй уялдан сургалтын электрон агуулгыг суралцагчийн суралцхуй, багшийн багшилхуйн үйлтэй интеграцичлан бүтээх, суралцагч бие даан суралцах үйлийг дэмждэг электрон материал боловсруулах шаардлага багш, боловсролын ажилтны өмнө бий болж байна. Энэхүү өгүүллээр сургалтын үр ашигтай (effective) электрон агуулга бүтээх арга зүйн асуудлыг хөндөж байгаа юм.

Түлхүүр үг: Сургалтын үр ашигтай электрон агуулга, электрон сурах бичиг, электрон цүнх

Зааварчилгааны дизайны онол ба сургалтын үр ашигтай электрон материал

Сургалтын үр ашигтай электрон материал гэдэг нь нэг талаас суралцагчийн суралцах, нөгөө талаас багшийн багшлах арга зүйг дэмждэг байх сургалтын материалыг ойлгож байна. Орчин үеийн МХТ ашигласан сургалт ийм нөхцөлийг хангасан электрон материал бүтээх шаардлагыг бий болгож байна.

Сургалтын үр ашигтай материал бий болгох талаар эрдэмтэн, судлаачдын гаргасан зөвлөмж, заавар, арга зүй цөөнгүй байдгаас Голландын Твантегийн их сургуулийн “заах арга зүй, технологи”-ийн факультет дор дурдсан 10 алхмыг дагаж мөрдөхийг зөвлөмж болгосон байдаг. Энэ арван алхам нь интернэтэд суурилсан сургалтын электрон материал бий болгоход зориулагдсан [1]. Үүнд:

  • Хэрэгцээ зорилгоо тодорхойлох
  • Сургалтын хэрэгцээт материалаа цуглуулах
  • Сургалтын агуулгаа зорилгод үндэслэн тодорхойлох
  • Сургалтын үйл явцыг үр ашигтай зохион байгуулах санааг дэвшүүлэх
  • Зохиомж, төсөл боловсруулах
  • Сургалтын электрон материал хэрэгжүүлэх үйл явцыг зохион байгуулах
  • Сургалтыг амжилттай явуулах арга зүйн шаардлагыг хангасан дэлгэцийн загвар бэлтгэх
  • Хичээлээ боловсруулах
  • Нэмэлт шаардлагатай материалуудыг бэлтгэх (заалт, заавар, тусламж гэх мэт)
  • Үнэлгээ хийж, сургалтын электрон материалыг бүрэн гүйцэд боловсруулах

Сургалтын үр ашигтай электрон материал боловсруулах нь системтэй үйл ажиллагаа бөгөөд түүнийг бүтээхэд зааварчилгааны дизайны онолыг ашиглах нь зохимжтой. Уг онол, арга зүйгээр сургалтын үр ашигтай электрон материал боловсруулах үйл нь дор дурьдсан таван алхмаар хийгдэх ба үүнийг сургалтын электрон материал бүтээх таван шат гэдэг [1]. Үүнд:

  • Шинжилгээ (Analyses). Сургалтын хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох (хэрэгцээний шинжилгээ), сургалтын зорилгыг тодорхойлох (зорилгын шинжилгээ), сургалт явагдах орчин нөхцөлийг тодруулах  (нөхцөл байдлын шинжилгээ);
  • Сургалтын электрон материалын зохиомжийн төлөвлөлт хийх (Design). Электрон материал бүтээх төлөвлөгөө боловсруулж, шаардлагатай загваруудыг бүтээх, шийдлийг тогтоох, зарим шаардлагатай зохиомж бий болгох;
  • Төлөвлөлтийн дагуу сургалтын электрон материал боловсруулах (Develop). төлөвлөлт, шийдэл, загварыг ашиглан сургалтын электрон материалаа боловсруулах;
  • Нэвтрүүлэх буюу хэрэгжүүлэх (Implement). Сургалтын электрон материалыг сургалтад хэрэглэх, турших;
  • Өөрийн үнэлгээ эргэцүүлэл, үнэлгээ өгч хөгжүүлэн сайжруулах (Expand). Сургалтын электрон хэрэглэн явуулсан сургалтын үр дүнд шинжилгээ хийж засварлах. Үнэлгээ нь үйл ажиллагааны бүхий л шатанд хийгдэнэ.

Эдгээр таван алхам нь сургалтын электрон материал бүтээх үйл ажиллагааны дарааллыг тогтоож өгдөг. Сургалтын үр ашигтай электрон материал бүтээх үйл нь багшаас агуулга, арга зүйн материалаа тасралтгүй сайжруулж байхыг шаардаж байдаг. Үүнд:

-       Тухайн хичээлийн агуулга, арга зүйтэй холбоотой шинэ мэдээлэл, баримт цуглуулах (Evidence)

-       Эргэцүүлэл хийж, агуулга арга зүйгээ сайжруулах үйл төлөвлөн явуулах (Reflection)

-       Үйлийн үр дүнд өөрийн үнэлгээ хийж шинэ үйл төлөвлөх (Self Evaluation)

Сургалтын үр ашигтай электрон материал нь үр ашигтай электрон цүнх (Electronic Portfolio) бий болгох үндсийг бүрдүүлж өгнө. Электрон цүнх нь МХТ-т суурилсан болон МХТ ашигласан сургалтад хэрэглэх агуулга арга зүйн материалын иж бүрдлийг бий болгож байдаг.

Сургалтын үр ашигтай электрон материал бүтээх нь

Дээрх арга зүй зөвлөмжүүдээс үндэслэн сургалтын үр ашигтай электрон бүтээгдэхүүн боловсруулах нь 1 дүгээр зурагт үзүүлсэн цикл шинжтэй үйл ажиллагаа байна. Электрон цүнхний иж бүрдэл болох электрон дидактик материалыг дараах зорилгоор бүтээж байна. Үүнд:

-          Багш заах хичээлийнхээ агуулга арга зүйгээ дэмжихэд ашиглах материал

  • Танилцуулга
  • Тоглоом
  • Үнэлгээний материал

-          Суралцагч бие даан ашиглах материал

Багшийн ашиглах дидактик материал нь хичээлийн агуулга арга зүйд интеграцчилагдаж арга зүйд дэмжлэг үзүүлнэ. Ийм бүтээгдэхүүнийг боловсруулахад багшаас хичээлийн агуулга, арга зүйд эргэцүүлэл хийхээс гадна агуулгыг илэрхийлэх тусгай загвар бүтээхэд МХТ-ийн тусгай чадвар шаарддаг. Иймээс электрон агуулга боловсруулахад багш компьютерийн дизайнер, програм зохиогч зэрэг нарийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах шаардлага гарч ирнэ.

Суралцагчийн бие даан ашиглахаар бүтээсэн электрон материал нь суралцагчийн суралцхуйн үйлийг дэмжиж, түүнд шаардлагатай мэдээлэл, эргэх холбоог өгдөг байх ёстой. Энэ шаардлагын үүднээс электрон материал бүтээхэд суралцагчийн мэдлэг чадварын бэлтгэлийн түвшин, сургалтын явагдах орчин зэрэгт шинжилгээ хийх шаардлагатай болдог. Түүнчлэн суралцагчийн анхаарлыг агуулгын гол хэсэгт хандуулах үүднээс арга зүйн зарим шийдлүүдийг хийж өгөх шаардлагатай болно. Энэ шаардлагыг хангасан байхаар бие даасан электрон материал бий болгоход 2 дугаар зурагт үзүүлсэн загварыг [1] ашиглаж болох юм. Энэхүү загвараар бүтээсэн электрон материал нь сурхуйн шаардлага хангасан электрон орчин бий болгох боломж бүрдэнэ. Мэдээлэл харилцааны технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад зориулан бүтээсэн электрон сурах бичгийн нэгэн загварыг 3 дугаар зурагт үзүүллээ. Энэхүү загвар нь хийсвэр агуулгыг бодитой болгож  суралцагч ойлгоход тус төхөм болж байгаа нь бидний хийсэн судалгаанаас харагдаж байгаа юм. Тухайлбал, энэхүү электрон агуулгыг суралцагч хэрэглэснээр туршилтад орсон нийт суралцагчийн сурлагын амжилт 79%-өөс 94%, чанар 36%-50% болж ахисан байна [1].

Дүгнэлт

Сургалтын үр ашигтай материал бүтээх нь багшийн ажлын нэг салшгүй хэсэг юм. Энд авч үзсэн арга зүй, зөвлөмжийг үндэслэн агуулгыг электрон хэлбэрээр бүтээснээр түүнийг МХТ-ийн боломжийг ашиглан бодитойгоор дүрслэх, мультимедиа загвар ашиглах, агуулгыг бусад хэлбэрээр дахин ашиглах зэрэг давуу талууд гарч байна. Ингэснээр тухайн хичээлээр заах арга зүйн шаардлага хангасан үр ашигтай электрон цүнх бүтээх үндэс тавигдах юм.

Ном зүй

  1. Цэдэвсүрэн, Д., (2009), Электрон сурах бичиг бүтээх арга зүйн хувилбар боловсруулж хэрэгжүүлсэн туршилт, үр дүн, нэг сэдэвт бүтээл, Улаанбаатар
  2. E-Learning Design, (2004), The association for Overseas Technical Scholarship (AOTS), Japan
  3. Hannafin, M.J and Peck, K.L., (1988), The Design, Development, and Evaluation of Instructional Software. NY: Macmillan Publishing Company, USA
  4. Nicholas V. Iuppa., (1984), A Practical Guide to Interactive Video, USA, Knowledge Industry Publications, Inc.,
  5. Teaching Methodology and Presentation, (2007), The association for Overseas Technical Scholarship (AOTS), Japan
  6. Theory and Practice of Online Learning, (2004), Athabasca University, Canada/U.S.A
  7. Tsedevsuren, D., (2006), E-learning content development, Proceeding of the 8th International Conference on Electronics, Information, and Communication, June 27-28, 2006 Ulaanbaatar

Tsedevsuren, D., Purevdor, Ch., (2008), Observation Analysis of ICT Application in Education Sectors, Symposium on the Trends and Prospects of Teacher Education and International Academic Exchange and Cooperation, Ulaanbaatar Mongolia

 

By A Web Design

Creative Commons License

DREAM I.T Book by DREAM I.T is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 Unported License.
Based on a work at DREAM IT Project funded by Canadian IDRC.
Permissions beyond the scope of this license may be available at www.dreamit.mn.