УИХ-аар хуулийн төсөл хэлэлцэх явцад иргэдийн онлайн оролцоог нэмэгдүүлэх нь

УИХ нь өөрийн вэб хуудсаа 10 гаруй жилийн өмнө нээсэн бөгөөд энэхүү вэб хуудсанд УИХ-ын хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, хууль тогтоомжийн сан, хуулийн төсөл, архивын мэдээлэл, гэрэл зургийн цомог, УИХ-ын гишүүдийн талаархи мэдээлэл, хуралдааны тов болон хэлэлцэх асуудал зэрэг УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой өргөн хүрээг хамарсан мэдээ, мэдээллүүд багтдаг. Өнөөгийн шатанд дээрх вэб хуудаснаас иргэд, бизнесийн хүрээнийхэн, төрийн болон төрийн бус байгууллагууд, хандивлагч болон олон улсын байгууллагууд хэрэгцээт мэдээ, мэдээллийг авч ашиглаж байна.

УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй мэдээлэх, ил тод болгох зорилгоор УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төвийг 20 аймаг болон нийслэлийн 7 дүүрэгт байгуулсан боловч дээрх төвийн үйл ажиллагаа нь иргэдэд жигд хүрч үйлчлэхгүй байна. Одоогийн байдлаар парламентын вэб хуудас нь мэдээллийн нэг талын буюу парламентаас иргэд рүү чиглэсэн урсгалтай байгаа бөгөөд вэб хуудасны технологи нь эргэж харилцах холбоо үүсгэх хэмжээнд ашиглагдахгүй байгаа болно.

Иймд энэхүү төслийн хүрээнд одоогийн УИХ-ын вэб хуудас хэр их хэрэглэгчидтэй, чухам ямар хэрэглэгчид илүүтэйгээр ханддаг, ямар мэдээллийг хайж байгаа, хайсан мэдээлэл, эх сурвалжууд нь байгаа эсэх, вэб хуудсыг илүү боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага зэргийг судлан үнэлгээ өгөх явдал юм.

Энэхүү үнэлгээний үр дүнг үндэслэн УИХ-ын вэб хуудсыг цаашид алслагдсан дүүргийн иргэдэд мэдээлэл хүргэх, иргэдтэй мэдээ, мэдээлэл харилцан солилцох, илүү боловсронгуй болгохын тулд Вэб 2.0 технологийг ашиглах шаардлагатай гэж үзсэн болно.

Вэб 2.0 технологийн шинэчлэлийг энэхүү төслөөр туршиж, үнэлгээ хийнэ.

СУДАЛГААНЫ АСУУДАЛ БОЛОН ҮНДЭСЛЭЛ

УИХ-ын вэб хуудас нь 2004 онд Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн (Соросын сан) дэмжлэгтэйгээр шинэчлэгдсэн бөгөөд түүнээс хойш парламентын вэб хуудсаар иргэдийг парламентын хуралдааны талаарх мэдээллээр хангаж ирсэн болно. Одоогийн байдлаар хуулийн сан, хуулийн төсөл, хуулийн хэрэгжилт болон Байнгын хороод, УИХ-ын гишүүд, зургийн цомог зэрэг нийт 85 төрөл ангиллын 363432 нэгж мэдээ, мэдээлэл бүхий мэдээллийн сан бүрдсэн, өдөрт дунджаар 10 гаруй шинэ мэдээ, мэдээлэл оруулж байнга шинэчлэгдэж байна.

Тамгын газар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Ардчилсан засаглалын Парламентыг бэхжүүлэх” төслийн дэмжлэгтэйгээр 20 аймаг, нийслэлийн 7 дүүрэгт “УИХ-ын үйл ажиллагааг иргэдэд сурталчлах төв” байгуулан ажиллуулж байна. Дээрх төвүүдийн гол зорилго нь парламентын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, парламентын үйл ажиллагааг нээлттэй, ойлгомжтой болгосноор иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэгдсэн болно. “Ардчилсан засаглалын Парламентыг бэхжүүлэх” төслийг хэрэгжүүлсний үр дүнд Монголын Парламентын үйл ажиллагаа ил тод, илүү нээлттэй болж чадсан. Хэдийгээр тийм боловч, эдгээр эерэг үйл ажиллагааны зэрэгцээ парламентын үйл ажиллагаа иргэдэд бүрэн дүүрэн хүрч чадахгүй байна гэсэн сөрөг үзэгдлүүд дараах байдлаар харагдаж байна. Үүнд:

• УИХ-ын вэб хуудас нь холбогдолтын нэг талын урсгалтай тул иргэд эргэж хандах боломжгүй

• иргэд интернетийн сүлжээнд холбогдох боломж хязгаарлагдмал учраас хурдан хариулт өгөх боломжгүй

• хуулийн төсөлд иргэдийн санал бодлыг нэгтгэх, тусгах процесс/механизм байдаггүй зэрэг болно.

Иймээс УИХ-ыг сурталчлах төвүүд нь парламент болон иргэд, сонгогчдыг холбосон “гүүр” болж үйлчилгээг бүрэн үзүүлж чадахгүй байна. Энэхүү төсөл нь хуулийн төслийн хэлэлцүүлэгт олон нийтийн санал бодлыг чөлөөтэй оролцуулах боломжийг бүрдүүлэхэд чиглэгдэж байна.

Дэд төслийн зорилго:

Парламентын хууль хэлэлцэх үйл явцад онлайнаар дамжуулан иргэдийн оролцоог нэмэгдүүлэхэд оршино.

Дэд төслийн зорилт:

1. Парламентын вэб хуудсыг иргэд ашиглах болон ашиглахгүй байх ямар үндсэн шалтгаан, саад байгааг тодорхойлох

2. Иргэдийн хүйс, нас, боловсрол, газарзүйн эсвэл нийгэм-эдийн засгийн байдал, тэр тусмаа Монголын алслагдсан суурин газруудад амьдарч буйг үл хамааран Парламентын сүлжээнд холбогдож байгаа эсэх талаар судлах

3. Парламентын вэб хуудсан дахь одоогийн мэдээ, мэдээлэл, нөөц боломжууд нь иргэдийн эрэлт хэрэгцээг хангаж байгаа эсэх, цаашид иргэдэд тэдний эрэлт хэрэгцээг хангаж чадахуйц мэдээ мэдээллийг хэрхэн хүргэх арга замыг тодруулах

4. Шинэчлэгдсэн вэб-2.0 технологи болон түүнийг дагалдах үйлчилгээнүүдийг боловсруулж, туршиж, үнэлгээ өгөх

5. Парламентын вэб хуудсан дахь мэдээ мэдээллийг ашиглан эргэж санал бодлоо илэрхийлэх арга зүйд сургах туршилтын сургалтын хөтөлбөрийг боловсруулж, зохион байгуулах

6. Парламентын шинэчлэгдсэн вэб хуудас нь парламентын хууль тогтоох үйл явцад хэрхэн үр нөлөөгөө өгч байгааг тодруулах

Үр дүн
Шинэчлэгдсэн вэбсайт нь УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааг олон нийтэд илүү нээлттэй болгоно.

Иргэдэд санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгосноор УИХ-ын гишүүд сонгогчидтойгоо илүү уялдаатай ажиллах юм.

Монгол Улсын Их Хурал 76 гишүүнтэй, 4 жилийн хугацаатай сонгогддог. Сүүлчийн сонгууль 2008 оны 6 дугаар сарын 29-нд болсон.

Дэд төслийн багийн гишүүд:

Ж. Эрдэнэбат, УИХ-ын Тамгын газрын Техникийн хэлтсийн сүлжээний инженер

Ж. Чимгээ, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан

Ю. Эрдэнэтуяа, УИХ-ын Тамгын газрын Захиргаа, Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан

Н. Цогтсайхан, УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтсийн зөвлөх

Г. Билгээ, УИХ-ын дэргэдэх Бодлогын шинжилгээний хүрээлэнгийн судлаач

Хэрэгжүүлэгч байгууллага:


Монгол Улсын Их Хурал (Парламент)-ын Тамгын газар
Төрийн Ордон – 231
Улаанбаатар – 12
Монгол улс
Утас: 328920, 265920, 92001754
Имэйл: chindegee@parliament.mn

Дэд төслийн удирдагч: Г.Чиндэгсүрэн
Техникийн албаны дарга

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар
Утас: 328920, 265920, 92001754
Факс: 976-11-322866
Имэйл: chindegee@parliament.mn

Хамтрагч байгууллагууд:
1. УИХ-ын Тамгын газрын Техникийн алба
2. УИХ-ын Тамгын газрын Захиргаа, олон нийттэй харилцах хэлтэс
З. УИХ-ын дэргэдэх Бодлогын шинжилгээний төв
4. УИХ-ын Тамгын газрын Хуулийн хэлтэс

 

By A Web Design

Creative Commons License

DREAM I.T Book by DREAM I.T is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 3.0 Unported License.
Based on a work at DREAM IT Project funded by Canadian IDRC.
Permissions beyond the scope of this license may be available at www.dreamit.mn.